Нүүр » Хоол » 1-р хоол » Ээжийн чанасан цай

Ээжийн чанасан цай

October 23, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: 1-р хоол

Нийтлэлийг 10,356 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Бид амралтын өдрүүдээр ээж дээрээ эсвэл эмээдээ очиж гараа гаргаж чанасан банштай, хийцтэй, борцтой цайг нь амтархан уудаг билээ. Зарим нь амралтын өдөр болохыг тэсэн ядан хүлээдэг ч байж магадгүй.

Хөгшчүүл маань ч үр, ач зээгээ ирэхэд баярлан хөөрч амтат сайхан цайгаараа харамгүй дайлж, бага идсэнийг нь гомдсон нүдээр харж, дахий гэсэн хүнд инээд алдан нэмж өгдөгсөн. Ийм сайхан цайны амтанд ороогүй Монгол хүн гэж байхгүй буй заа. Ингээд товчхон ч гэсэн хэдэн цайны жор, найрлага орууллаа.

Жавхлан – Ээжийн чанасан цай

Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай
ай хө ээжийн минь амттайхан цай

Нойрон дунд үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу нь намхан ээжийн минь чанасан цай
ай хө ээжийн минь амттайхан цай

Харзны усаар замнаж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ давлаж сүлсэн
Хархан нүдтэй ханийн минь чанасан цай
ай хө ээжийн амттайхан цай

Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээг нь тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжийн минь чанасан цай
Ай хө ээжийн минь амттайхан

Монголын минь амттайхан цай

Сүүтэй цай

Хүйтэн усанд нунтаглаж нүдсэн цай, давс хийж гурван минут орчим буцалгаад сүүгээр сүлж, шар тос самарч болгоно. Шар тосыг цөцгийн тосоор орлуулж болох юм. Цайныхаа шаарыг шүүж данх савандаа уудлана. 6 л усанд 40 гр хуурай цай, 16-20 гр буюу хагас халбага шар тос орно.

Хийцтэй цай

Хийцтэй цайны гол нууц нь гурилыг хуурахад оршино. Шар тос хайлсан тогоонд гурилаа цацаж тасралтгүй хутгах маягаар шаргал өнгөтэй болтол нь хуурна. Шар тос нь ихэдвэл гурил бөөрөнхий зуурмаг болж шаргал өнгөтэй болтлоо хуурагдахгүйг анхаарах хэрэгтэй. Хуурсан гурил дээрээ идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд сайн самарна. Давс, шар тос хийж амтална. 5л цайнд нэг аяга гурил, 20 гр шар тос хийнэ.

Будаатай цай

Шар будааг угааж, усыг нь асгаад ууранд хийж нүдээд цөцгийн тосонд хуурна. /нүдэхгүй ч байж болно/ хуурч байх үедээ бага зэргийн гурил цацаж шаргал өнгөтэй болтол нь сайн хутгаж хуурна. Дээр нь идээшүүлсэн хар цайгаа шүүн хийж, сүлээд, зөөлөн гал дээр буцалгаж будаагаа болгоно. Самрах тусам цай сайхан амттай болно. Шар будаагаа нимгэн хэрчсэн хонины сүүлэнд хуурч болно. 5л цайнд 1аяга шар будаа. 1-2л сүү, цайны халбага -давс, 100-150гр сүүл орно.

Цагаан будаатай цай

Шар будааны оронд цагаан будаатай цай чанаж болно. Хүйтэн усандаа нэг аяга цагаан будааг угааж хийгээд буцалгаж сүлнэ. Бага зэргийн давс, шар тос хийж самарна.

Хонины сүүлтэй цай

Нимгэн хавтгай хэрчсэн хонины сүүлийг тогоондоо хийж бага зэрэг хайрч, гурил, цулхирын гурил, будааны аль нэгийг нэмж, шаргал өнгөтэй болтол нь хуурна. Урьдчилан чанаж идээшүүлсэн хар цайг шүүж хийгээд сүлнэ. Давсаар амтлан сайтар самарна

Борцтой цай

Борцтой цайнд үхэр, тэмээний махны борц илүү тохиромжтой байдаг. Борцыг урьдчилан нүдэж, давтаж жижиглэж болно. Нүдэхгүй ч байж болно. Идээшүүлсэн цайгаа тунгаасны дараа борц, сүү, давс хийж буцалгана. Мөн будаатай, хийцтэй цайнд ч бага зэргийн борц хийж болно. Ийм цайг хавар уухад сайн гэдэг.

Цулхиртай цай

Цулхирын гурилыг жаахан тосонд зөөлөн гал дээр хуурч шаргал өнгөтэй болоход нь бэлэн цайгаа дээрээс нь хийж огцом буцалгаад самарна. Цайгаа сүлж бэлэн болгоод хутгаж аягална. / өтгөн хэсэг нь тунаад байдаг учир/ Зл цайнд 150гр цулхирын гурил, шар тос, сүү, давсыг өөрийн дуртай хэмжээгээр нэмнэ.

Ээ гялай эмээ будаатай цай чанана гэнэ ээ

Чөмөгний ястай цай

Хонины дунд чөмөгийг хугалж цайндаа хийгээд буцалгана. Ясны цайгаа сүлэхийн өмнө хийж буцалгаад дараа нь сүлнэ. Ийм цайг ядаргааны цай гэж нэрлэдэг байжээ. 1 данх цайнд 1-2 ширхэг чөмөг хийвэл тохиромжтой. Будаатай, хийцтэй цайнд ч чөмөг хийж болно.

Халгайтай цай

Халгайг 4-5 салаа болтол /5-6сард/ ургасан нялх үед түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч, сүүтэй цайндаа хийж сайн сатарч буцалгана. Нүдсэн халгайг Зл цайнд хоолны халбагаар гурвыг хийнэ. Цайгаа мах, сүүлээр амт оруулна.

Цоргисон цай

Цайны идээг ууранд хийж маш сайн нунтаглаад шар тосонд хуурна. Сайн хутгаж хуурахдаа түлэхгүйг хичээгээрэй. Хуурсан цайн дээрээ буцалсан ус давсаа хийн олон дахин самарна. Ингэж чанасан цайг цоргисон цай гэнэ.

Банштай цай

Энэ цайг сүүтэй болон хийцтэй цайн дээр бэлтгэнэ. Сүүтэй цайн дээрээ баншаа хийн буцалгаж болгоод гал дээрээс цайгаа авч аягална. Нэг аяганд 4-5 банш хийж аягална. 2л цайнд 20 орчим банш байхаар аягална.

Хөөрцөглөсөн цай

Монголчууд хөөрцөгөнд хийж бүлсэн цайг хөөрцөглөсөн цай гэж нэрлэдэг байна. Хийцтэй цайгаа чанаад хөөрцөгөнд хийж сайтар бүлдгээрээ онцлогтой.

Эмээ би сүүтэй будаа идий л дээ.

Битүү цай

Таглаа сайтай саванд цай, сүү, шар тос, ус, давс зэргийг бүгдийг нь нэг мөсөн хийж сайн таглаад буцалгана. Орцыг өөрийн хэрэгцээ, сонирхолдоо тохируулна.

Загасгалтай цай

Манай говийнхон энэ цайг уух дуртай. Зун, намрын цагт загасгалыг түүж хатаана. Хатаасан загасгалыг сүүтэй цай, хийцтэй цайнд хийж буцалгана.Цай буцлаад шар ногоон өнгөтэй болмогц цай бэлэн болно. Загасгал гэж бутлаг ургамал байдаг. Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч хийж болдог. Гурван литр цайнд 60гр загасгалын нунтаг, бага зэрэг шар тос, сүү, давсыг сонирхолдоо тааруулан хийнэ.

Говь гурван сайхан цай

Шаарыг шүүсэн сүүтэй цай, хийцтэй цайнд хонины хэдэн хэрчим мах , нимгэн зүссэн сүүл хийж буцалгана. Бэлэн болмогц уудалж нэг аяганд нэг хэрчим сүүл, хоёр хэрчим мах оруулан аягална.

Толгойн ястай цай

Хонины толгойн гавалын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй цай, хийцтэй цайн дээрээ ясаа хийж чанадаг. Ийм цайг Төв аймгийнхан чанах дуртай.

Борви тойгийн ястай цай

Бод малын борви, тойгны ясыг хурааж байгаад цайнд чанаж амт оруулахад эм болно гэж үздэг. Хүйтэн усанд нунтагласан идээний хамт борви, тойгны яс хийж 30 мин орчим буцалгана. Дараа нь шаар ясыг шүүж цайгаа сүлэн амтална.

Хорхоглосон цай

Цайны ус, идээ, сүү давсыг тааруулж хийгээд сайтар самран сайр газрын өөгүй бөөрөнхий чулууг улайсган битүү буцалгана. Мөн хонины яс хийж болно.Гурил хийж шар тос самран амтална.

Таван тансагтай цай

Монголчууд таван тансагтай цай гэж цай, давс, хужир, сүү. шар тостой цайг нэрлэж байжээ. Энэ цайг одоо ч зарим нутагт хэрэглэж байна. Сүүтэй цайтай ижил чанана. Харин хужирыг 5л цайнд нэг хоолны халбагаар тооцож хийнэ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

11 Сэтгэгдэл байна - “Ээжийн чанасан цай”

  1. Ээжийн чанасан цай үнэхээр ядаргаа тайлахаар байдаг нь гайхалтай, гэсэн ч сайхан цай чанадаг аав нар байдаг, энэ бичлэг аавыг минь санагдууллаа, тэртээ олон жилийн өмнө намайг охиноо төрүүлээд нялх биетэй байхад минь миний аав амандаа тоолж байгаад 100 самарч цай чанаж өгдөг байж билээ.
    Загасгал гэдэг ургамал сонсоогүй юм байна худалдаанд байдаг болов уу?
    Цаг агаар хүйтэн зэврүүн өдөр эдгээр цайг чанаж уухад их сайхан байдаг.
    Сайхан цай муухан хоолноос дээр гэдэг үнэн үг шүү, хүн бүхэнд хэрэгтэй сайхан бичлэг оруулсан админдаа баярлалаа, амжилт хүсье.

  2. unuudur_bi

    эхний зураг нь яг манай эмээ шиг юм аа. Тэр тогооны таг нь хүртэл адилхан юм. Эмээгээ санаж байна аа.
    манай муу эмээ чихэрэнд мөн ч их дуртай байж билээ…

  3. Тиймээ. Би ч гэсэн эмээгээ саначихлаа. Бидний үед аав ээж минь оросжсон байсан байхаа дан байхуу уудаг. Би эмээ дээрээ очихоор энэ сайхан цайг уудаг байлаа. Хөлс гараад дараа нь нойр хүрнэ бодвол ядаргаа тайлагддаг байсан байхаа,,,,Одоо өөрөө хийцтэй цай чанахаар тийм сайхан амттай болохгүй л юм. Дээрх заавар таалагдлаа. Зааврын дагуу чананаа..

  4. Э. Баярсайхан

    Тэр толгойны цайг би мэдэхгүй юм байна аа. Хүйтэн бороотой өдөр будаатай цай чанаж идэхэд ч яг таардаг байж билээ.

  5. Тийм шүү бороотой өдөр сайхан банштай будаатай цай уугаал суух сайхан байдаг шүү. Би ч одоо хааяа дүүгээ эрхлүүлж хийцтэй будаатай цай санаж өгдийн. Цай ч их олон янз юмаа. Толгойн ястай, хөөрцөглөсөн, цоргисон гээл мэдэхгүй цайнууд их байна. Гоё нийтлэл байна

  6. aav eejiinhee gert ochij huuhduuddee zoriulaad chanaj bgaa tsai ni yugaar ch zuirleshgui saihan,yamar yumaar orluulashgui setgel shingesen shn baidag shuu.minii aav saihan tsaitai hooltoi hun.uuruu ch ih durtai.minii aaviin hulsuu gargaad haluun galiin derged tsaigaa chanaad ohinoo huleedeg ni nudend haragdaj bn.ta buhendee bayarlalaa.

  7. delhiin hamgiin amttai tsai hool bol eejiin mini chanasan tsai yum baina lee shuu emeegiin mini chanadag budaatai bortstoi tsai mun ch ih sanagdah yum daa daan ch hezee ch ahij uuhgui gej bodohoor l uitgartai yum daa oird eejiinhee chanasan tsaig ochij uusangui

  8. ashgvvdee tsainii talaar oor oligtoi bichsen site uud alga oooo bayrlala 😀

  9. Номико

    Асар хэрэгтэй мэдээлэл оруулсанд маш их баярлалаа. Сая хийцтэй цай хийсэн чинь үнэн тасархай болжийн 🙂

  10. Delgeenee egchee bayarlalaa. Bidniig jaahan baihad neeh ih tom tsai zardag baisan emee uvuu eej aav maani avaad l huruuduj huvaagaad l nudej tsaindaa hiideg baij bilee. Neeh goe suutei tsai hiigeeed uguhuur n uugaad l ih taivshirnaa , Mongol tsai bas uvduhuus hamgaaldag shuu. Nasaaraa tsai uugaad ussun bi uvchin gedgiig medehgui baij getel gadaadad garaad us jimsnii shuus uusan ch bas l neg yadargaa gardaggui sh dee. Tsaind uneheer id shid baidag shuu, Bas ene tavisan zuragnuud ni Mongoliig sanagduulj baina shuu. Eej aaviin min chanasan tsai tsaanaa tansag bas nandin emchilgee shuu. Haya uuruu hiictei tsai , suutei tsai chanaj uuhaar goe baidag shuu, Gadniihan yamar oilgoh bish dee,

  11. Suul shar tos tsai gd unshaad bsn chini bur eej aav nutgaa sanajiina shuu mash goe medeelel bn bayarlalaa.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.