Нүүр » Хүүхдийн ертөнц » Улаан малгайт

Улаан малгайт

October 22, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Хүүхдийн ертөнц

Нийтлэлийг 15,211 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Бяцхан дүү нартаа зориулж орос ардын үлгэр *Улаан малгайт* зохиолыг зориулж байна. Аав ээж ах эгч нар нь уншаад тайлбарлаад өгөөрэй.

Улаан малгайт

Эрт урьдын цагт нэгэн энхрий бяцхан охин байжээ. Бяцхан охиныг харсан бүгд л баясаж хөөрөн өхөөрдөнө. Нүд нь гэрэлтэж, хацар нь бумбайсан эгдуүтэй хөөрхөн ач охиндоо эмээ нь бүр ч их хайртай. Ач охиноо гэхээр л баяр хөөр болон өгөх бэлэглэх юмаа олж яддаг гэнээ. Эмээ нь нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлэглэжээ. Малгай нь түүнд зохисон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг бүгдээрээ Улаан малгайт хэмээн дуудах болж гэнэ. Нэг өдөр ээж нь эртлэн босоод хуушуур хайрчээ. Тэгээд “Миний охин нааш ир” гэж Улаан малгайтыг дуудаад:

–       Энэ хуушуур, савтай сүүг эмээдээ аваачиж өг. Бие нь тэнхрэхэд хэрэгтэй. Эмээ нь ойрдоо ядраад байгаа юм. Эртхэн гарсан нь дээр. Болгоомжтой яваарай. Замаасаа гарч болохгүй шүү. Мод чулуунд бүдэрч унаад сүүгээ асгачихна. Тэгвэл эмээдээ юугаа хэлэх билээ. Эмээгийндээ оронгуутаа л “Өглөөний амгаланг айлтгая” гэж мэндлэхээ мартав. Ийшээ тийшээ ширтээд л эмээгээ хайхрахгүй байв даа гэж гэнэ.

Улаан малгайт “За, ээжээ санаа зоволтгүй ээ. Захисан үгнээс тань би гарахгүй ээ” гээд ээждээ үнсүүлчхээд замдаа гарчээ. Эмээгийнх нь тосгоноос холгүй, ойд байдаг юмсанж. Охин ойн зөрөг замаар алхаж явтал гэнэт урдаас нь чоно гараад иржээ. Улаан малгайт чоныг догшин араатан гэж мэдэхгүй тул түүнээс огтхон ч эмээсэнгүй гэнэ. Чоно ч их л эелдэгхэнээр:

– Өглөөний мэнд хүргэе! Улаан малгайтхан минь гэжээ.

– Баярлалаа чоно гуай.

– Улаан малгайт аа, чи ийм эрт хаа хүрч яваа юм бэ?

– Эмээгийндээ очъё.

– Наад сагсандаа юу хийчихэв?

– Халуун  хуушуур,  шинэхэн  сүү.  Эмээ  маань өвдчихөөд байгаа юм л даа. Тэгээд л эмээдээ өгч биеийг нь тэнхрүүлэх гэсэн юм.

-Улаан малгайт аа, эмээгийнх чинь хаана байдаг юм бэ?

-Ойд байдаг юм. Эндээс холгүй ээ. Тээр тэнд гурван том царс модны нөмөрт харагдаж байгаа модон хашаатай байшин чинь манай эмээгийнх байхгүй юу.

Та ч бараг мэдэх байлгүй дээ. Улаан малгайтыг ингэж хэлэхэд чоно:

-Ай даа, энә нялх гэнэн амьтан, азгүй тэр чавганцаас хавьгүй зөөлөн хоол болно доо. Арга ухаан сийлж байгаад хоёуланг нь залгиж орхих юм шүү гэж бодож байжээ. Тэгээд охины урдуур хойгуур хэрэн явснаа

–  Улаан малгайт аа, жаахан хүлээ. Урдаас чинь тосоод алаглан байгаа цэцэгсийг хараач. Чи тэднийг огт анзаарахгүй, ойн шувуудын жиргээг ч сонсохгүй байх юм. Яг л сургуульдаа явж байгаа юм шиг, нэг л замаар гэлдрээд байвал ойд хичнээн хөгжилтэй сайхан байдгийг олж харж чадахгүй шүү дээ гэжээ.

Улаан малгайт ч эргән тойрноо анзааран харж гэнэ. Ургах нарны туяа моддын чөлөөгөөр асгаран бүжээд л… Өнгө өнгийн цэцэгс өөдөөс нь мишээж ганхаад л…. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж гэнээ. “Тэвэр дүүрэн цэцэг эмээдээ бэлэглэвэл яасан их баярлах бол. Тэгээд ч одоо эрт байна шүү дээ” гэж Улаан малгайт бодоод замаасаа гарч цэцэг түүж эхэлжээ. Нэг цэцэг тасдаж аваад л өндийхөд дахиад цаана нь бүр гоё цэцэг харагдах юм гэнэ. Охин ийнхүү цэцэг түүсээр ойн гүн рүү оржээ.

Чоно энэ завшаанд эмээгийнх рүү нь амжиж очоод хаалгыг нь тогшиход эмээ нь “Хэн бэ?” гэж ядрангуй дуугаар асууж гэнэ. Чоно дуугаа нарийсган:

– Улаан малгайт байнаа. Танд халуун хуушуур, шинэхэн сүү авчирлаа. Үүдээ нээгээч гэхэд эмгэн:

– Ивий ивий, охин минь ирчихэж. Хаалганыхаа бариулыг доош нь сайн дар. Хялбархан онгойчихно.
Эмээд нь босох ч тэнхэл алга гэжээ.

Ингээд л чоно хаалгыг нь нээж ороод эмгэний ор луу харайн очиж хүүе гэхийн завдалгүй хөөрхий хөгшнийг залгичихаж гэнэ. Тэгээд хувцас, малгайг нь өмсөж оронд нь орж хэвтээд хөшгийг нь татаж гэнэ. Яг энэ үед ойд хуй салхи дэгдэн Улаан малгайтын түүсэн цэцэгсийг шүүрээд явчих шахаж гэнэ. Ой шуугих чимээнээр охины сэтгэлд ч айдас төрж эргэж замдаа ороод эмээгийнх рүүгээ яаран алхжээ. Эмээгийндээ очиход үүд нь онгорхой, гэрт нь орвол ямар ч чимээ аниргүй байх юм гэнэ. “Баяр хөөр болсоор эмээ минь намайг угтдагсан. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэг л түгшүүртэй санагдах чинь” гэж охин өөрийн эрхгүй боджээ. Тэгээд “Эмээ танд өглөөний амгаланг айлтгая” гэж хэлсэн боловч хариу алга гэнэ.Улаан  малгайт орных нь өмнө очиж хөшгийг   нээвэл   эмээ   нь   малгайгаа духдуулж тавьчихаад нэг л жигтэй хачин байдалтай хэвтэж байжээ.

Улаан малгайт эмээгээсээ:

– Пөөх! Эмээ таны чих чинь яагаад ийм том болчихсон юм бэ? гэж асуужээ.

– Чиний ярихыг улам сайн сонсох гэж л тэр шүү дээ.

– Тийм үү? Таны нүд яагаад ийм том болсон юм бэ?

– Чамайг улам сайн харах гэж.

– Тэгвэл гар чинь яагаад иим том байгаа юм бэ?

– Чамайг л сайн барьж авахын тулд.

-Юу?! Эмээ наад ам чинь яагаад ийм даравгар том байгаа юм бэ?

– Чамайг л төвөггүйхэн залгих гэж….

Ингэж хэлэнгүүтээ л чоно эмгэний орноос огло харайн бууж Улаан малгайтыг ухасхийн залгижээ. Ховдог саарал ийнхүү хомхой хүслээ биелүүлж аваад хуррр харрр гэсэн муухай дуугаар хурхиран унтаж гэнэ. Тэр үед байшингийн дэргэдүүр өнгөрч явсан анчин “Энә хөгшин чинь яасан их дуутай хурхираад байх юм бэ? Арай өвдчихсөн юм биш байгаа” гээд гэрт нь оржээ.Тэгтэл харин чоно эмгэний орон дээр хурхираад унтаж байна гэнэ. “Аа муу ховдог саарал энд хэвтэж байдаг вий. Чамайг ч их удаан хайсан даа” гээд анчин буугаа тулган буудах гэснээ “Энэ чинь арай эмгэнийг залгичихсан юм биш байгаа. Тэгвэл аврах хэрэгтэй шүү дээ” гээд буудахаа больж хутгаа гаргаж ирээд гэдсийг нь зүсжээ. Гэтэл дотроос нь нэг улаан малгай цухуйж гэнэ. Ахиухан том зүстэл Улаан малгайт үсрэн гарч иржээ. Охин гарч ирээд “Би ямар их айсан гэж санана. Чонын гэдсэн дотор яасан аймаар харанхуй, юутай муухай өмхий юм бэ” хэмээн бөмбөлзтөл чичрэн уйлж гэнэ. Тэгээд анчинтай хамжин чонын гэдэснээс эмээгээ гаргаж авлаа. Хөөрхий эмээ нь дөнгөж л амьсгалах төдий байжээ. Улаан малгайт самбаачлан гүйж чонын гэдсэнд хэд хэдэн чулуу авчирч хийжээ. Анчин ч амжиж гэдсийг нь оёж гэнэ. Чоно сэрээд зугтаах гэсэн боловч хүнд чулуугаа даасангүй шургачин унаад үхчихжээ. Эмээ нь ач охиноо харангуутаа л тамир тэнхээ орон босч ирээд тэд тэврэлдэн уулзаж баяр хөөр болж гэнээ. Ингээд хоёулаа амь насыг нь аварсан анчинд талархал илэрхийлж хамтдаа суугаад халуун хуушуур идэж, шинэхэн сүү ууцгаажээ. Тэр цагаас хойш Улаан малгайт “Ээж маань болохгүй л гэсэн бол ойгоор явахдаа, ер нь хаашаа ч явсан замаасаа хэзээ ч гарч   байхгүй юм шүү” гэж бодох болж гэнээ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

8 Сэтгэгдэл байна - “Улаан малгайт”

  1. Hi. Энэ чинь их зүгээр юм байна. Баярлалаа Баяраа

  2. Хүүхэд багачуудын хичнээн сонсоод ч уйддаггүй, сургамжтай, сайхан үлгэр оруулсан админдаа баярлалаа, өөр олон сайхан үлгэр оруулаарай, амжилт хүсье.

    • Урам хайрласан та бүхэнд баярлалаа. Дүү нартаа зориулж олон олон үлгэр оруулна аа

  3. hoorhon yumaa zurguud ni , olon ulger oruularai

  4. сайн уу? энэ зохиолын зохиогчынх нь нэр зураг байвал өгч тус болоочээ. олдвол аяд.рүү маань явуулчихаарай гуйжийна

    • энэ зохиолыг францын зохиолч шарль перро гэдэг хүн бичжээ та энэ нэрээр google ээр хайвал зураг нь гараад ирнэ ээ

  5. goy vlger oruuljee bayarlalaa, uur sonirholtoi vil yvdaltai olon vlger oruulaarai, amjilt

  6. М,БИЛГҮҮНДАЛАЙ

    Энэ үлгэр гоё үлгэр боловч би зарим үйл явдлыг ер ойлгодгүй, Бас чоно эмээ улаан малгайт хоёрыг залгиад унтаж байтал анчид байшингийн ойролцоо явж чоно байна гэдгийг мэдэж улаан малгайт эмээ хоёрыг гаргаж авдаг энэ үйл явдалыг би ойлгодгүй Аз таарсан юмуу эсвэл шууд ямарч утгагүй зүгээр ингэж зохиосон юмуу………

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.