Нүүр » Уран зохиол » Р.Эмүжин – Нисдэг нохой /өгүүллэг/

Р.Эмүжин – Нисдэг нохой /өгүүллэг/

October 19, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр | 174 уншсан  Ангилал: Уран зохиол

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

136389335-Ээжээ нохой нисдэг үү?
-Нисдэггүй юмаа миний хүү.
-Үгүй нисдэг ш дээ.
-Яагаад тэгж бодов?
-Зүүдэлсэн юмаа.
-Тэр чинь зүгээр л зүүд.
-Киноны нохойнууд ч гэсэн заримдаа нисдэг.
-Киног зохиодог болохоор нохдыг нисгэх амархан байх л даа.
-Үгүй ээ, кино чинь жинхэнэ мэд үү.
Төгөлдөрийн хоёр том нүд дорхноо нулимсаар дүүрч духаараа харж байгаад зөрүүдлэв. Буржгар шингэн үс нь унасаар бараг л халцарч нүд хамрыг нь тойрон хөх толбо үүссэн жаал хөвгүүн төдхөнөө нүүрээ буруулан дэрэндээ шигдэж орхив. Хоёр жилийн турш хэвтэрт шахам байгаа хүүгийн өдөр өнгөрөөдөг ганц арга нь кино үзэх. Тархины хорт хавдартай гэсэн хүндхэн онош зургаан настай хүүгийн эмзэгхэн ертөнц хийгээд амьдралтай танилцах адармаатай аялалд томоос том бэрхшээл авчирчээ. Хүүгийн амьдрал эмнэлэг гэр хоёрыг тойрон эргэлдэнэ. Эмчилгээний хамгийн хүнд үе эхэлчихээд байхад Төгөлдөр хүүхдийн зангаар тоглож мөрөөдөж уйлж тунирхана. Бас юуханд ч болов ядах юмгүй баярлан ход ход инээх нь өхөөрдөм. Урт хугацааны эмчилгээ хүүг найз нөхөдгүй нааш гэх хүнгүй ээжээс нь өөр ханьгүй болгосон аж. Үеийнхэн нь сургуульд сурахаар хөөрцөглөж дэвтэр ном үүргэвч цүнхээ базаан завгүй гүйлдэж байхад Төгөлдөр намрын нар ээсэн шаргал өдрүүдийг өөрт нь зориулан зассан бяцхан өрөөндөө цэнхэр цэцэгтэй хөнжилтэйгээ найзлан өнгөрөөж байлаа. Заримдаа сэрэхээ мэдэхгүй унтана. Ялангуяа ээлжит хүнд эмчилгээний дараа нэг хэсэгтээ нүдээ ч нээх чадалгүй болчихдог билээ. Түүний ертөнц бусдынхаас шал өөр. Элсний талбай, эргэлддэг бөмбөг, эрээн өнгөтэй гулсуур, элдвийн машин сэлт ер үгүй. Хүүгийн өрөөнд орж ирсэн хүмүүс яагаад ч юм чимээгүй томоотой болж хувирна. Хөлөө зөөж ядан гулсах мэт явдаг тэд Төгөлдөртэй эмзэгээс эмзэг тоглоом мэт харьцах нь яршигтай.
-Ээж ээ би орноосоо үсэрлээ шүү.
-Болохгүй.
-Хоёулаа гадаа гаръя л даа. … .
-Болохгүй.

Бусад хүүхдүүдтэй харьцуулахад хүүгийн хамгийн олон сонсдог бас хамгийн ихээр үзэн яддаг үг нь энэ. Болохгүй гэж ээж хэлэх болгонд Төгөлдөр тас хар нүсэр зузаан хана мөргөн орондоо шигдэнэ. Зүүд нь харин хэзээ ч харж байгаагүй, магадгүй хэзээ ч харж чадахгүй олон өнгөтэй.
-Ээж ээ ногоон нохой авч өгөөч.
-Ногоон нохой гэж юу байсан юм бэ?
-Ногоон, тэгээд бас нисдэг нохойтой болмоор байна.
-Юу нэхээд байгаа хүүхэд вэ?
-Би тийм нохой харсан юм чинь.
-Миний хүү зүүдлээ юу?
-Ногоон нохойтой болъё л доо.
Төгөлдөрийн олон хүслийн дотроос хамгийн хүчтэй нь энэ байв. Угаас хүүгийн мөрөөдөл бусдынхаас өөр. Тэр бодит амьдралын талаар бараг юу ч мэдэхгүй. Телевиз, эмнэлэг, эм тариа, өнөөх гайтай болохгүй гэсэн хэдэн үг түүний дотоод ертөнц. Нэгэнтээ тэр зурагтаар мэдээ харж сууснаа
-Ээж ээ сургууль гэж юу юм бэ хэмээн гэнэхнээр асуув.
-Хүүхдүүд сургуульд явж уншиж бичиж сурдаг юм.
-Зургаан настай хүүхдүүдийн тухай нэвтрүүлэгч эгч яриад байна. Би сургуульд сурч болно гэсэн үг үү?
-Болохгүй ээ. Миний хүү эмчилгээгээ л сайн хийлгэ.
-Би сургуульд сурмаар байна.
Дахиад л том гялтгар хар нүд нь нулимсаар дүүрч хана руу харан хэвтээд өгөв. Өдөр ирэх тусам Төгөлдөрийн бие муудаж байлаа.
-Би төрсөн өдрөөрөө ногоон, нисдэг нохой бэлгэнд авмаар байна.
Хүү арван нэгдүгээр сард өвлийн эхний цас хаялсан өдөр төржээ. Өнөө жил зургаан нас хүрэх учиртай Төгөлдөр арвын дотор тоолж чадна. Нэмж хасна. Дуслын тарианы шилэн дээрх үсгүүдийг хэлбэрээр нь нүдэлж ээжээсээ юу гэсэн үг болохыг асууна.
-Хүүхдэд битгий ойртуул гэж бичсэн юм бол яагаад дандаа миний дэргэд байж байдаг юм бэ? Би хүүхэд биш юм уу?
Хэрсүү хариулахад хэцүү асуулт үе үе тавихад ээж зөрүү хараад нулимсаа нууна.
-Үхэл гэж юу юм бэ?
-Мэдэхгүй ээ.
Орон дээрээ суугаад жигтэйхэн хариуцлагатай асуулт тавьж буй хүүгийнхээ нүд рүү эх эгцлэн харж чадсангүй.
-Би үхэх үү ээжээ?
-Үгүй ээ, үргэлж ээжтэйгээ хамт байна.
-Сувилагч эгч намайг удахгүй үхнэ гэж яриад байсан. Эх цочин зог тусав.
-Хэнд?
-Эмч ахад, үхэх гоё уу?
-Хүмүүс бүгдээрээ л үхдэг.
-Нисдэг нохой хэзээ ч үхдэггүй тиймээ?
-Нисдэг нохой байдаггүй гээд байхад юу асуугаад байгаа юм бэ?
-Байдаг, байдаг. Нисдэг нохой үхдэггүй, бас өвддөггүй. Би мэдэх юм чинь.
Хөлд орж паацганан алхаж байх үедээ Төгөлдөр хөдөлгөөнтэй сахилгагүй хүү байв. Дөрвөн жил өнгөрөхөд эрс өөрчлөгджээ. Эцэнхий туранхай, өрөвдмөөр эмзэгхэн, жижиг биетэй Төгөлдөр цагаан хувцастай эмч сувилагч нарыг хараад царайгаа улайлган орилдог байснаа больжээ. Хүлцэнгүй тэвчээртэйгээр эмчилгээгээ хийлгэнэ. Тэр үедээ том хүн шиг санагдахыг яана.
-Ээжээ миний аав надад хайргүй юм уу?
-Хайртай.
-Тэгээд яагаад ирэхгүй байгаа юм бэ?
-Солонгост ажил хийж байгаа. Олсон мөнгөөр нь хүүгээ эмчлүүлдэг юм байхгүй юу.
-Худлаа, худлаа. Та худалч муухай ээж.
-Яалаа гэж дээ, аав нь хүүдээ хайртай.
-Намайг өвчтэй гээд голсон мэдүү. Ухаан орох тусмаа Төгөлдөрийн ертөнц гомдол, тунирхал, өвчин шаналлаар дүүрч байлаа.
-Ээжээ яагаад би хүүхдүүдтэй тоглож болдоггүй юм бэ?
-Болохгүй, болохгүй, болохгүй мэдэв үү. Хэд дахин асуудаг юм бэ?
Эх заримдаа аргаа баран бухимдана. Нэг өглөө хүү ихэд бодлогошрон ингэж асуув.
-Бид хэзээ эндээс явах юм бэ?
-Хаанаас?
-Гэрээсээ.
-Хаашаа явах юм?
-Өвчин байдаггүй, эмчилгээ хийдэггүй гоё газар руу. Төгөлдөр үхлийн тухай ярьж байлаа. Гэхдээ юу асууж байгаагаа мэдэхгүй. Эх эцэж туран нүднээс гарсан алгын чинээхэн хүүгээ ухасхийн тэврээд зөндөө уйлав.
-Та яагаад уйлаад байгаа юм бэ?
-Хүүгээ бодоод.
-Баярлаад уйлаад байгаа юм уу? Өвдөхгүй бол гоё ш дээ.
-Тиймээ өвдөхгүй бол гоё. Тэгээд ээж нь уйлж байна.
-Бүх хүн баярлахаараа уйлдаг уу?
-Тиймээ, уйлдаг.
-Тэгвэл таныг ногоон нохой авч өгвөл би бас уйлнаа.
Эмчилгээ үр дүнгээ өгсөнгүй. Төгөлдөр хоногийн ихэнхийг унтаж барна. Өвчин намдаах тариа эцсээ хүлээж байгаа түүний амьдралын зовлонг ердөө л хагаслах төдий. Хүүгийнхээ омголтож хатсан уруулыг байн байн чийглэн урт өдөр шөнийг нулимсаараа зууран барсан нь төгсгөлгүй мэт. Дуу нь цаашаа орж чихнийх нь нимгэн дэлбээ гэрэлтэн цайж үсээ хусуулсан Төгөлдөр орондоо байгаа үгүй нь мэдэгдэхгүй хэвтсээр. Үсээ хусуулах ч юу байхав халцарч унаснаас юм үлдсэнгүй. Эх хүүгийнхээ чихний дэлбээнд халуун уруулаа наан үнсэх дуртайсан. Гэтэл одоо үнсэх тусам улам элэг эмтэрнэ. Арчаагүй жаахан үр нь аймшигт өвчинд ялагдаж алгуурхан үхэж байлаа.
-Ээжээ гэртээ харья. Эмнэлгээс явъя.
-Одоо хэдхэн хоноод л эмнэлгээс гарна.
-Гэрээ санаад байна ш дээ.
Нэгэнт найдлагагүй болжээ. Эх хүүгээ аваад харив. Гэртээ ирсэн эхний өдөр Төгөлдөр өмнөхөөс илүү сэргэлэн цовоо зантай байлаа.

478766175
-Нохой нисдэг тиймээ ээжээ?
-Үгүй ээ, нисдэггүй.
-Нисдэг ш дээ, цонхны цаана нисэж байсан юм чинь.
-Чи харсан уу?
-Харсан. Их хөөрхөн. Та нисдэг нохойны тухай үлгэр ярьж өгөөч. Өглөө хүү нүдээ туниа муутай нээгээд
-Ээжээ би нисдэг нохойтой бол гоё оо гэж уруулаа хөдөлгөх төдий шивнэв. Эх бяцхан, дэндүү нялх, ор сахисаар зэвхийрэн цайсан нүүрэнд нь чихээ наав.
-Юу гэнээ миний хүү?
-Нисдэг нохой…

Төгөлдөр үгээ гүйцээлгүй унтчихав. Өвчнийг нь намдаахын тулд нойрсуулах тарианы цагийг ойртуулснаас хүү сэрэх төдий болоод таг унтдаг болсон аж. Эх гэрээс гарлаа. Уйлсаар нулимс нь ширгэж. Эмийн санг зорин гарсан юмсанж. Гэвч бодлоо өөрчилжээ. Хүүд одоо тариа биш хүсэл мөрөөдөл л хэрэгтэй. Нэг ч гэсэн мөрөөдлөө биелүүлэх эрх өвчинд шаналсан өчүүхэн жаал хөвгүүнд байхгүй гэж үү? Эх амьтны дэлгүүрийн эрэлд гарлаа. “Мянган найз”, “Амьтны ертөнц”… цав цагаан хав нохой жаран мянган төгрөг. Хүүдээ зориулан эм тарианаас өөр юм худалдаж авахаа болиод уджээ. Дэлгүүрээс гарахдаа эхийн сэтгэл яагаад ч юм дүүрээд ирэв. Гоо сайхны бараа зардаг лангууны дэргэд түр саатан ногоон өнгийн үсний будаг гурвыг авав. Тэндээсээ мал эмнэлгийг зорьжээ.
-Эмчээ, би нохойгоо ногооноор будуулах гэсэн юм.
-Ойлгосонгүй.
-Би үйлчилгээний мөнгийг нь хангалттай төлнө шүү.
-Хн, ногоон нохой… солиотой юм.
-Хүү маань үүнийг хүсэж байгаа юмаа. Хоёр цагийн дараа эх тод ногоон өнгийн хав тэвэрсээр харьж явлаа.
-Миний хүү, Төгөлдөрөө. Ээж нь хүүдээ ногоон нохой авчирлаа. Сэрж ядан нойрмоглох жаал хөвгүүн тэрүүхэндээ сулхан яраглана. “Өнөөдөр миний төрсөн өдөр юм уу”. Орон дээрээ ухасхийн босож суусан хүү нүдээ нухлангаа ийн асуув.
-Ногоон нохой байдаг гэж би танд хэлсэн шүү дээ.
-Миний хүүгийн зөв байжээ.
-Би мундаг тиймээ?
-Тиймээ, хамгийн мундаг хүү.
-Ээжээ ам цангаад байна.
-Одоохон.
Эх галын өрөө рүү орлоо. Шилэн аяганд ус дүүргээд эргэхдээ нохой гаслах бүдэгхэн чимээ сонсчээ. Хүүгийнхээ өрөөний хаалгыг түлхэн орвол харж дадсан орон дээр хэн ч алга. Цонхны тавцан дэрлэн Төгөлдөр ухаан алдсан байлаа. Хоёр жил бусдын туслалцаагүй бол орноосоо ч босоогүй хүү яаж тэнд хүрснийг мэдэх юм алга. Эх гүйж очин хүүгээ тэврэн элгэндээ наав. Тэртээ доор
-Нэг галзуу нь нохойгоо шидчихлээ.
-Пөөх яанаа, хол байгаарай, үхчихсэн байна шүү дээ хэмээн гайхан хашгирах сонсогдоно. Төгөлдөр тэнд юу болоод байгааг мэдэхгүй. Мэдээгүй нь ч дээр байж магад. Хүү нүдээ нээсэнгүй. Уруул нь хөдлөх төдий “Нохой нисдэг тиймээ ээжээ” гэж шивнэх аж.
-Тиймээ нисдэг, нохой нисдэг.
-Нохой нисдэг гэж би үнэн хэлсэн байгаа биз?
-Миний хүүгийн зөв байжээ.
-Би ч бас нисэж үзмээр байна. Хүү үхэж байлаа. Өрөвдмөөр энхрий царай нь тайвшралыг олж өвчин зовлонд шаналж байгаагүй юм шиг хөгжилтэй инээвхийлжээ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

Нэг сэтгэгдэл байна - “Р.Эмүжин – Нисдэг нохой /өгүүллэг/”

  1. Ч.Пүрэвмаа

    Бурхан минь, ум сайн амгалан болох болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.