Нүүр » Уран зохиол » Г.Аюурзана: Уулын монолог

Г.Аюурзана: Уулын монолог

November 24, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Уран зохиол

Нийтлэлийг 5,233 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Уулын монолог
Чоно улих хажууханд сонсдов. Хариуд нь тэртээ холоос өөр нэгэн чоно улив.  Гурав дахь чонынх ялигүй хожуу дуулдав.
Би чонон дунд амьдарч байна. Чононууд, моддын дунд, хөх будан, хүйтэн салхи, уулсын дунд гурав дахь намраа үдэж байна.
Дөрвөн жилийн өмнө би хүн байсан.  Хүн байх ч сайхан шүү. ”Ингэж болно. Тэгж болохгүй”. Хамгийн сайхан нь энэ. Хүн ухаан суух тусмаа л юу зөв, юу бурууг мэдэж авдаг. Yүнийг мэдэж авахгүйгээр амьдрах аргагүй.Тэгэхдээ бусад хүмүүсийн дунд тэр шүү дээ.
Энд бол болно оо. Энд тэс өөр хууль үйлчилдэг. Энэ бол уул, ой, агуй. Агуйн хананд ямар ч бичээс үгүй. Бичье гэсэн ч энд шүршдэг будаг байхгүй. Би урьд нь амьдарч байсан байшингийнхаа ханан дээр час улаан будгаар нэгэн тэмдэг тавьснаа саналаа. Тэр бол анархийн тэмдэг байсан юм. Яг одоо агуйнхаа ханан дээр “НИЙСЛЭЛ” гэж бичих юм сан. Нийслэл! Сэтгэл зүрхний минь нийслэл энд байна.
Чононууд хоорондоо хэрэлдээд эхлэв. Гичийгээ булаалдсан юм болов уу? Эд намайг яах ч үгүй. Бид бие биеэ мэдэлцээд гурван жил болж байна. Анх намайг энд суурьшихад маш том азарган чоно мөрөөр минь шиншлэн хүрч ирж билээ   Надад улаан гараас минь өөр зэвсэг байсангүй. Би үхэх болоогүйгээ сайн мэдэж байсан юм. Азарган чоно багалзуурдуулаад амь тавихаас наахнуур болоод байхдаа нүд рүү минь эгц ширтэж билээ, Чонын нүдэн дотор сэгсгэр үстэй, час улаан нүдтэй эр шүдээ ярзайлган архирч үзэгдсэн. Би тэсэлгүй чоныг орхичихоод өндийж билээ. Азарган чоно яг л тамхины мэнгэртэй өвгөн шиг бүгшүүлэн ханиалгасаар гуйвлан босч одсон сон. Тэр цагаас хойш бид хөршүүд болцгоосон. Харин миний гэдсэн дээр чонын хойд саврын мөр уртаа сорви байдаг юм даа.
Хүний бараа харалгүй гурван жил болжээ. Миний тухай тэд юу гэж ярьдаг бол? “Галзуу, солиотой”, “Мэдрэл нь муудсан”, “Гажиг”, “Хаачсан юм 6ол?” “Гадаадад оргож гарсан байх аа”, “Хээр осгож үхээ биз” … Юу ч гэж ярина, надад одоо хамаагүй. Би хүн биш болсон. Миний муу агуй ч сайхан дулаахан шүү. Урьд шөнө нэлээд хүйтэн хонолоо. Өвөл дөхсөн дөг өө. Зун хатаасан өвсөө маргаашнаас чирч авчиръя, байз. Тэгээд л баавгайнхаа арьсыг тунтарч аваад л иччихнэ дээ.
Өвөл болохоор ичээндээ орчихдог мөн лут ухаан шүү. Хүн бол хэзээ ч ийм арга олохгүй дээ. Өдий, гуч хүртэл миний толгойд л лав ороогүй юм даг. Нээрэн, би одоо гучин тав хүрчихээ болов уу. За, яршиг, бодоод ч яах юм бэ. Би ямар хүн биш, насаар яах юм бэ. Ямар ч амьтан бие гүйцээд нэг л жил амьд явахад хангалттай. Хавар сэрээд, зун уул хөвчөөр хацраа хорстол тэнэж сайхан цэнгэг горхиноос ууж, намар нь тарган согоо унагаж аваад, өвөл нь ичээндээ шургачих хэрэгтэй. Бусад нь адилхан. Дараагийн бүх жил ав адилхан. Ав адилхан болохоор ерөөсөө хэрэггүй.
Чононууд нам жим болцгоочихлоо. Ойролцоо буга өнгөрөв үү? Байз, байз. Чононууд гэтэж байна уу даа? Буганд ингэж гэтэхгүй дээ. Энэ бас юун чимээ вэ? Ойд ийм чимээ ер сонсоогүй юм байна. Ийм болхи алхаа чинь … Шархадсан алмас ч ийм чимээ гаргахгүй. За, чононууд холуур тойрцгоож байна,
Сар гарчихжээ дээ. Одоо уг нь зогсоод эргэж харах юм бол, өлөгчин чонын шар нүдийг олж үзнэ дээ. Яваад л байна. Агуйгаас холгүй өнгөрөх нь. Даанч, одоо энэ золгүй амьтанд арваадхан удаа бүтэн амьсгалах л хугацаа үлджээ.
Би унтахаар нүдээ анилаа. Аниатай зовхинд минь хотын гудамжаар хийсэх улиасны шаргал навчис үзэгдэв. Навчис хаашаа ч хийсч чадахгүй, байшингийн хананд хашигдаж хашигдан бужигнах аж. Тийм газар төрсөн хүн гэхэд өдийд ингээд хэвтэж байдаг, би мөн ч азтай шүү. Саарал цутгамал замыг хичнээн ч навч намиагаар булаад ойн хөвдтэй жаахан ч атугай төстэй болно гэжүү? Yгүй ээ, хүмүүс үүнийг чадахгүй.
Хүмүүс! Өө, энэ чинь хүн байж шүү дээ!
За, хүн байгаа л биз  Одоо бол нэгэнт чонын хоол болсон   Харин яаж наашаа ирж чадав аа? Зөвхөн энэ уулын тагт гарч ирсний нь төлөө би түүний хоолойг өөрийнхөө шүдээр тас хазах байсан юм. Миний өмнөөс энэ ажлыг чононууд сайн гүйцэтгэсэн байх болтугай.
Маргааш өглөө нь би түүний хүүрийг очиж харав. Чононууд цатгалан байжээ. Хоолойг нь тас хазаад л орхичихож. Хар савхин өмд. Төмөр тахтай тун сайн гутал байна. Бор илгэн хүрэмтэй ганган эр явжээ. Энэ муу буу нь сумгүй юм. Чааваас, асаагуураа ч цахиж амжсангүй. Уг нь хэрэгтэй л цамц юм. Гэвч би чинь хүн биш шүү дээ. Луужинтай цаг бугуйнд нь үзэгдэнэ. Тэр цүнхэнд нь газрын зураг бий байх даа. Хөөрхий хүмүүс. Луужингаар үхлийнхээ замыг заалгаж дээ. Цүнхэнд нь бас архи байгаа болов уу?
Хүний бараа хараагүй удсан надад царай нь л юу юунаас илүү сонин байв. Их айжээ. Yс нь сойзных шиг босчихож. Yгүй тэр ээ хөөе! Завьжнаасаа урссан цусыг долоож үзсэн байна гээч! Амьдралынх нь сүүлчийн амт түүнд ямаршуу санагдаа бол?
Тэндээс нуруулдсан өвс рүүгээ явлаа. Замдаа горхиноос уув. Би ч дүнхийсэн сайхан нуруу хийсэн байна шүү Тэвэр тэврээр агуй руугаа зөөхөд лав хорин өдрийн ажил болно вий. Хорин өдөр зогсоо зайгүй өвс зуучихаад унтахад ямар сайхан байх бол? Ай, миний өвснүүд ч янзтай үнэртэж байна шүү. Бушуухан унтахын тулд том томоор нь зөөх юм шүү. Аравхан хоногт ноохойгоо зөөчихдөг бол мөн сайхан аа .,. 3а, ингээд л балайраад, мөрөөдөх гээд байдаг юм. Хүнд л байдаг энэ хоосон, хуурмаг хортой зуршлаасаа хэзээ салах юм бэ? Мөрөөдлөө биелүүлэхэд ашиглаж болох хайран цагаа хүн гээч мунхаг амьтан мөрөөдөлд автаж суусаар үрчихдэг. Хамгийн гачлантай нь, мөрөөдлөөс сэрэхэд бодит амьдрал ердийнхөөсөө хавьгүй дор болчихсон мэт санагддаг.
Гэхдээ энэ бол хүний л хувьд шүү дээ. Би бол хүн биш, байгалийн нэгэн эд эс. Өвсөө зуучихаад л өвөлжин унтах минь, Байшин барилга зүүдлэгдвэл ч зүүдлэгдэг. Ичих минь л. Бушуухан ичих минь.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.